"Something that belongs to you" by Roald Hoffman (Ноён Хоффман багшийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн жүжиг)

 2016.11.05-ны Бямба гарагт химич, Нобелийн шагналт ноён Хоффманы Дэлхийн 2-р дайны үед туулж гарсан амьдралынх нь талаар жүжгийг үзэх боломж гарсан юм. Уг жүжиг нь эхлэхдээ, бурхан ба хэд хэдэн сахиусан тэнгэрүүдийн хоорондох харилцан яриагаар эхлэнэ.
 Бурхан хүнийг бүтээх үү? эс бүтээх үү? гэж эргэлзэж, үнэн бодит байдал болон, хайр, амар амгалан гэх зэргээр нэрлэсэн сахиусан тэнгэрүүд өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мэдээж хэрэг санал нийлэх болон зөрөх байдлаар үнэн бодит байдлын сахиусан тэнгэр хэт их сэтгэлийн хөөрөлд орсны улмаас үгүй болж одно. Гэхдээ бас энэ дундаа жижигхээн сахиусан тэнгэрийн хошигнол яригдана.
"Нэг өдөр цэнхэр сахиусан тэнгэр загасны толгой идэж байхад улаан сахиусан тэнгэр ирээд асуужээ.
-Хүе цэнхэр сахиусан тэнгэрээ, та нар цэнхэрүүд яагаад ухаантай байдаг юм бэ?
-Өө, тэр чинь бид энэ загасны толгой иддэгээс болж байгаамөө. Харж байна уу? энэ чинь толгой шүү дээ. Хэрэв чи хүсвэл би чамд 18 купекээр зарж болно шүү. гээд 18 купекээр зарсны дараа худалдаачин, загас 5 купекээр зарна гээд зөрж өнгөрөв.
Улаан сахиусан тэнгэр уурлаж,
-Цэнхэрээ чи намайг хуурсан байна шдээ, энэ чинь бүтэн загас нь 5хан купек гэж байна. гэхэд,
-Харж байна уу? Чи аль хэдийн ухаантай болчихож гэсэн гэнэ." Үүнйг сонссон нэг сахиусан тэнгэр: Наадах чинь Еврей-чүүдийн талаар онигоо юмуу? гэснээр эргээд бурханы ярианд оролцоно. Эцэст нь бурхан хүмүүсийг бүтээхийн зэрэгцээ, үгүй болж одсон үнэнийг өөрсдөөр нь хайлгахаар шийдэж, үйл явдал Дэлхий дээр өрнөнө.
 Энд би мэдээж хэрэг жүжгийг тэр чигээр нь бичихгүй болхоор хэрэв сонирхож байвал өөрөө хайж олоод номыг нь ч юмуу уншхыг санал болгоё. Жүжигт Хоффман багшийг Эмиль, эхийг нь Фрида гэх бөгөөд, бодит байдлыг тэр чигээр нь буулгахад илүү төвөгтэй байсан тул өөрийн төрсөн дүүг жүжигт огт дурдаагүй гэх мэтээр өөрчилж, нэрсийг өөрчилсөн гэнэ.
 Хоффмангуай нь 1937 онд Польш улсын Злочев буюу одоогийн Украйны нутаг дэвсгэрт төрсөн бөгөөд, дайны дараа 1949 онд Америкт шилжиж ирсэн байна.
  Фрида 1911 онд төрсөн бөгөөд, тухайн үедээ Австри-Унгарын нутаг дэвсгэрт, Оростой хил залгаа Украйн, Польш болон Еврей үндэстнүүд холилдон амьдардаг газар төрсөн Еврей хүн юм. Түүний дараа Дэлхийн 1р дайн өрнөж, 1937 онд Эмиль-г төрөх үед Польш улсын харьяа болсон байжээ. Харин, Дэлхийн 2р дайны үеэр Польш улс нь Нацис-Герман болон Зөвлөлт холбоот улсад хуваагдаж, Германд хамрагдаж байснаа, 1945оноос Зөвлөлт Холбоот улсын хэсэг, социалист Украйн улс болж хувирсан байна.
 Бодит амьдрал дээр Хоффмангуайн хувьд 11настайдаа Америкруу дүрвэх үедээ засаг солигдохын эрхээр аль хэдийн 5 улсын хэлийг сурч амжсан байжээ.
  Жүжгээс сэтгэлд шууд тусахаар, гүн үлдсэн зүйлсийг санаж байгаагаараа дурсаад явья.
1. Айлын дээвэрт, бага насны хүүхэд арай гэж эгц зогсохуйц өндөртэй хэсэгт, цонхыг нь битүүлээд, нарны гэрэл сиймхийгээр нь сүүмийж тусахуйц жижиг завсар гаргасан нуувч. Тэнд ер нь, хүн бүтэн 15сар амьдрахдаа юу хийж болох вэ? Эмилийг уйдаахгүйн тулд эх нь аль болох чадхаараа л хичээл заадаг байжээ. Ялангуяа тэдэнд байсан Атлас-ыг ашиглаад бараг дэлхийн газрын зургийг нэгд нэггүй нь цээжлүүлсэн байна. Мөн үлгэр, зохиолуудыг маш олон удаа ярьж өгч тэрнээсээ асуулт асуудаг байсан байна.
 Ер нь хүн өөрийгөө хөгжүүлэх юмсан, юм сурах юмсан мэдэхсэн гэдэг хүсэл нь боломж бололцоо хязгаарлагдмал байх тусам ихээр ундарч байдаг юм болов уу? гэж бодлоо. Жүжгийн энэ хэсгийг үзэх зуур бас нэг хичээл дээр Африкийн ядуу оронд биеэ үнэлж амь зогоодог эмэгтэйгээс авсан ярилцлагад, "Би сургуульд сурмаар байна. Компьютерийн талаар мэдлэгтэй болмоор байна." гэж ярьж байсан дүр зураг шууд л нүдний өмнүүр харагдаж байлаа. Бид чинь юу юунаас илүү сурах, өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдаад сууж байгаа азтай хүмүүс юм даа...
2. Жүжгийн маань гарчиг нь "Something that belongs to you" буюу "Энэ бол таны юм" гэсэн байгаа. Жүжигт Эмиль болон Фрида нарыг дээвэртээ нууж байсан Украйн айлын тухайн үед бага настай байсан охин нь нас барсан эхийнхээ эд хэрэгсэл дундаас эхийнхээ биш алтан бөгжийг олсныгоо Фридад буцааж өгхөөр ирдэг. Ингэхдээ, тэрээр 2сарын өмнө Эмильд захидал илгээх бөгөөд, Эмилийн охин ч сургууль дээрээ дайны талаар бодитой өгүүллэг бичих болсноор энэ гэр бүлийн дайны үеийн дурсамжууд нь сэргэж эхлэх юм.
 Үүний дараа, бөгжийг авч ирсэн Аннад Фридагийн зүгээс энэ бөгж бол та нарынх юм шүү дээ гэж хэлээд хүлээн авахаас татгалзана. Учир нь, тэд нуугдахын тулд хамаг үнэтэй цайтай бүх зүйлээрээ төлбөр төлдөг байжээ. Мөн Америкруу дүрвэснийхээ дараа ч тэр төлбөр төлсөөр байж.
 Фридагийн хувьд, Украйнчуудыг "алуурчид" гэж нэрлэх бөгөөд, үүний шалтгаан нь, хамгийн анх Нацистууд нэвтрэн орж ирэх үед тэдэнд Еврейчүүдийг ялгаж танихад хэцүү байсан гэнэ. Харин үүнд нь Украйнчууд тусалж, Еврейчүүдийг барьж өгдөг байсан. Үүнд бас нэг зангилаатай асуудал нь, 1941оны үеэр Оросууд Украйнчуудыг барьж олноор нь хөнөөх үед нэг тусгай нэртэй нууц явуулын бүлэг ажиллаж байсанд нь ихэнхи нь Еврейчүүд байсан гэж Украйнчууд үздэг гэх. Гэхдээ, Эмиль болон Фридагийнхаар бол тэр бүлэгт яг адилхан Украйнчууд ч мөн байдаг байснаас гадна, ихэнхи нь Еврейчүүд бол байгаагүй гэх. Украйнчуудын хувьд, зарим нарийн учрыг мэдэхгүй, аль эсвэл хэт шуурдаг хүмүүс нь Еврейчүүд л Украйнчуудыг барьж аллаа гэсэн үзэл тархсны улмаас Украйнчууд Еврей нарыг алж, барьж илрүүлэх зэргээр хариугаа авч байсан байна. Гэтэл тэр дундаа хэдэн мянган Еврей нарыг нууж(мэдээж мөнгө, нөхөрлөл, сайхан сэтгэл гээд олон шалтгаантайгаар) байсан хүмүүс ч бас байсаар ирсэн учираас бүх Украйнчуудыг алуурчид гэх нь ч мөн өрөөсгөл болох юм. Энэ жүжиг яг энэ сэдвийг голлож хөндсөн байгаа.
3. Эмилийн эцэг нь яасан бол гэж бодож байгаа байх. Эмилийн эцэг Даниел нь инженер хүн байсан бөгөөд, Германчуудад тухайн үедээ гол ажлыг нь хийж өгч чадахаар чадварлаг ажиллах хүчин байж.
 Дайны өмнө, дээр дурдсанчлан Украйн, Польш, Еврей үндэстнүүд холилдон амьдардаг байсан энэ хотод, оюутан үеийн Даниелийг Польшууд зодож, тарчлаадаг байжээ. Зөвхөн Даниел ч биш, Еврей оюутнуудыг Польш оюутнууд гадуурхан, зодож зүхэхээс гадна, автобусанд ч тэдэнд зориулсан тусгай суудал байдаг байсан байна. Польшуудын хувьд "тодорхой учир шалтгаангүйгээр зүгээр л" Еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх. Харин дайны үеэр Германчуудад хэрэгцээтэй сайн инженер байсныхаа тулд арай чөлөөтэй байж чадсан Даниел тэр боломжоо ашиглаад олон Еврей найзууддаа туслан, буу зэвсэг олж өгдөг байсан бөгөөд эцэст нь Германуудад тарчлуулж нас барсан байх.
 1992онд дайныг эргэн санаж байгаа Фриеда "Тухайн үедээ надад БААТАР биш, эр нөхөр минь хэрэгтэй байсан юм. Тэр хүнд чи бид 2оос илүү, тэдгээр найзууд нь чухал байсан. Би түүнийг хэзээ ч өршөөхгүй" гэж хэлдэг нь ямар их зовж шаналсан, үр хүүхдээ, үлдсэн гэр бүлээ дайны үед яаж амьд үлдээх вэ гэдэг бүх ачааг өөрийн нуруун дээр үүрсэн эмэгтэйд л төрөх сэтгэгдэл боловуу гэмээр...
4. Эмиль, Фриеда хоёроос гадна Фриедагийн ах нь ч мөн дээвэрт нуугдаж байсан бөгөөд, дайны үеийн дурсамжаас нь Эмильд бүдэг бадаг санагдах бас нэг жаахан охин санаанд нь бууна. Тэр охин хэн болох, юу тохиолдсон талаар тодруултал, Фриедагийн ахын төрсөн охин бөгөөд хэтэрхий жаахан байсан учираас шөнө уйлж орхижээ. Түүнээс нь болоод баригдана гэж айсандаа залуу Польш гэр бүлд өргүүлэх боловч, дайны дараа сураглаваас гэр бүлээрээ алуулсан байж... Дайн гэдэг зүйл хүнд ямар хэцүү сонголтыг тулгаж болохын нэг жишээ нь энэ юм болов уу?

Энэ мэтээр, яг өөрт болон өөрийн гэр бүлд тохиолдсон хүнд хэцүү зовлонгоо олонд дэлгэж, жүжиг болгон бичээд тэр жүжгээ үзэж суусан ноён Хоффмангуайд ямар сэтгэгдэл төрсөн бол? Жүжгийг үзэх явцдаа, дууссаны дараа ч "Яаж? Яаж энэ бүхнийгээ нэгд нэгдгүй эргэн санаж, дурсан бичиж чадсан юм болоо? Тэр их хүч, зориг тэвчээр, зовлон шаналалыг над мэт хүн яаж ч мэдэх билээдээ?" гэсэн сэтгэгдлээр дүүрэн. Тэдгээр дайныг үзэж туулсан хүмүүст яаж ч тусалж дэм болж чадахгүй ч гэсэн нэг сайхан чанга тэврээд, энэ дэлхийд та минь ганцаараа биш юм шүү гэж хэлмээр.. Мөн Хоффмангуайн хувьд гэвэл магадгүй тэр, өөрийн туулсан амьдралаа хуваалцах аргаар "та бүхэн дахиж битгий л ийм гай зовлонг хүмүүст амсуулаарай даа" гэж захиа юм болов уу даа гэж бодогдоно.

Уулзах завшаан олдсонд нь баярлаж, боломж бололцоогоор хангаж өгсөн сургууль, багшид баярлаж байна. Тухайн үедээ өөртэй нь хальт мэндлэхээс өөрөөр үнэхээр юу гэхээ мэдэхгүй байсан санагдана. Их дөлгөөн хүн шиг санагдсан байдаг юм.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Осака хот (05/03/2015)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?