2016 оны 8сар Кочируу..

 8сар гараад хичээл ч амарч, хэд хоног гэртээ сууж байгаад Кочид байдаг найз дээрээ очихоор Сэйшүн 18 билетээр Нагоягаас гарлаа. Сэйшүн гэдэг нь Залуу нас гэж байгаа юм. Гэхдээ, хэдэн ч насны хүн авч ашиглаж болох энэ билет нь, нийтдээ 5 өдөр бүтэн өдөржингөө хаашаа ч хамаагүй JR(Japan Railways) компанийн галт тэргээр дамжиж суух боломжтой. Сууж болох галт тэрэг нь хурдных байж болохгүй л дээ. Голдуу л ийм билетээр оюутан залуус холын аянд гарахдаа авч ашигладаг юм шиг байгаан.
 За тэгээд зорьсон газар маань манай Нагоягаас 500км орчим зайтай, замаараа Химэжи, Окаяма гэсэн газруудаар дамжиж очино. Явах замдаа Окаямад өдрийн хоолоо идчихээд цаашаа дахиад галт тэргээр явдаг юмуу гэснээ болиод дамжихаас залхуурч автобус захиалаад тэр хооронд нь Окаямад экигийн ойр хавьтай танилцаж сонирхов. Нэг л хөдөө буух юм шиг төсөөлж байсан миний хувьд Окаяма эки их том эки байсан. Бүр манай Нагояд олддоггүй чийз тортны алдартай салбар нээгдэж байхтай таарав.
 Орой нь Окаямагаасаа Кочид ирээд, дөнгөж автобуснаасаа буугаад байтал Кочигийн том баяр Ёсакой нь болж таараад нилээн хүн хөл ихтэй. Найздаа ирчихсэн шүү гэдгээ хэлчихээд л эки дээр бүжиглэж байгаа багуудыг харж жаал суусан бас хөгжилтэй л юм байна лээ. Тэгсэн манай найз гэж энэ Ёсакой-нх нь бүр улаан ногоон фэн, энэн шиг дуртай юм алгаа хха. Эхний өдрөө найзтайгаа хамт хэсэг тайзан дээр бүжиглэж байгаа хүмүүсийг харж, балэшиглэж байгаад, оройн хоолоо өөр Япон найзтай нь хамт идчихээд буцлаа. Найзын найз Япон нь гэж үнэхээр нээлттэй, хөгжилтэй охин байсан. Бас хөөрхөн манай найзыг хааяа хааяа явуулчихна аа. Хоолоо идчихээд л гэртээ харих гэсэн бас нэг паянтай. Тэр нь манай найз л хөөрч баярлаж гүйж байгаад түрийвчээ хаа нэгтээ унагачихажээ хөөрхий. Түрийвчээ олтол надаас мөнгө зээлээд болгохоор болоод, өөрөө цагдаагийн хэлтэст очиж мэдэгдэхээр болов. Япон Япондоо ч гэсэн ямар азаар бас гайгүй өнгөрөвөө, доторх мөнгө төгрөг бичиг баримт нь тэр чигтээ дараагийнх нь өдөр нь олдсон. Үнэхээр Японд юмаа хаясан ч байж л байдаг гэж их хэлдэг ч гэсэн, миний бодлоор лав алга болсон байлаа ч сонин биш л байхгүй юу.
 Дараа өдөр нь өөр нэг хаа хол Акитад сурдаг найз маань бид хоёр дээрээ ирлээ. Автобуснаасаа буухад нь тосож аваад хамт өдрийн хоолоо идчихээд л за одоо юу хийх билээ гэхээр нөгөө найзын ганц дуртай Ёсакой-оо л үзнэ ерөөсөө. Эхний өдөр ч анх удаа хараад үзчихсэн би яваандаа бүр ядарч эхэллээ. Маш олон газраас олон төрлийн хувцасаар жигдэрсэн групп хүмүүс төстэй нэг Ёсакой гэсэн дуун дээр бүжиглэж парад хийдэг юм. Нөгөө өглөө нь автобусаар ирсэн найз маань ч гэсэн хөөрхий ядарчихсан сүүлдээ зүүрмэглэж эхэллээ. Кочигийнхоо найздаа хэлээд нэг юм явахаар болж, оройн хоолоо хаана идэх вэ болж байгаад, хамт баяр үзэж суусан Япон эгчийн зөвлөснөөр нь далайн эргийн хажууд шинээр нээгдсэн газар очиж хооллохоор боллоо л доо. Тэгсэн машинаар явахад нэг гэм нь ард хоёрхон хүн л суух ёстой. Бид хэд нь яах вэ гэж байгаад би голд сууж нуугдаж явахаар болов. Хөдөө болохоороо ч тэр үү бас баяр ч гээд юм болов уу ер нь цагдаатай ч нээх таарсангүй дажгүй яваад өнгөрсөн.
 Ингэж хоёр дахь өдөр маань дуусч, маргааш өглөө нь Кочигийн найз маань Монголруу харихаар Токиог зорих болов. Бид гурав Кочи эки хавиараа голдуу эргэлдэж байгаад найзыгаа орой нь суулгаад өгчихлөө. Одоо өөр бас Кочид сурдаг найзыгаа хүлээж хамт гэрлүү нь явахаар Акитагаас ирсэн найзтайгаа үлдэв. Хүлээж байсан найз маань Осака орчихоод ирсэн болохоор нилээн орой ирээд, өөрийнхөө хоёр Япон найзтай хамт машинаар гэртээ хүргүүллээ. Ер нь дан Кочид ч гэлтгүй хөдөөгүүр бол машингүй хол явахад хэцүү. Хоттой адилхан хаа сайгүй галт тэрэг, метро байдаггүй болохоор зуны халуунд машинаар л давхицгааж байгаан. Найзынхаа машинтай найзуудын ачаар дараа өдөр нь жинхэнэ юм үзэвшт кк.
 Эхлээд тэр оройноо бүгдээрээ далайн эрэг дээр очиж од харвахыг харлаа. Мартагдахааргүй үзэсгэлэнтэй, бүр яг урд, их томоор харж чадлаа. Тэр үедээ шилгүй байсан би хүртэл чөлөөтэй олж харлаа. Маргааш өглөө нь машинаар 3,4цаг явж хүрэх 中津渓谷(Накацү кэйкокү) руу явж уулан дундахь жижиг хүрхрээ үзээд буцаж доошлоод их тунгалаг устай голоор дагаж явсан бөгөөд, нөгөө Акитагийн найз маань буцах байсан тул их л яаруу буцацгаав.
 Одоо би л ганцаараа маргааш өглөө нь Нагояруугаа харихаар гарна даа гэсээр үлдлээ. Тэгсэн тэр оройноо эргийн ойролцоо салют буудуулна гэж сонсоод оройн хоолыг Япон найзын гэрт хийж идээд эргийн зүг хөдөллөө. Замдаа би унтчихажээ. Салют буудуулах чимээнээр сэрээд харсан чинь машин түгжрээд зогсчихсон, яааг хажуу талд салютаа буудуулж байна. Тэгж харах гоё л байдаг юм билээ. Өдий хүртэл холоос л харж зогсдог байсан бол худалч хүнд гарт баригдтал ойрхон санагдах. Цаашаа явж салютаа боомт маягийн газар зам дээр машинаа зогсоогоод харж сууж байснаа дуусахын алдад нь их түгжрэлээс зайлж буцаад замдаа гарлаа.
 Энэ үед Япон найзтай ч би сүрхий найзууд болов. Бид хоёр үнэхээр  сонирхол адилхантай юм билээ. Урьд шөнөөс нь эхлээд л сонсдог, дуртай дуунууд нь дандаа миний ч бас сонсдог дуунууд байж таараад, дараа хамтдаа ямар нэг тоглолт энэ тэр үзэхээр болвол явна шүү гэцгээсээр салсан.
 Ингээд маргааш өглөө нь найзтайгаа гэрээс нь гараад би буцах замдаа мордлоо. Өглөө тэр даруйдаа Окаяма орох автобусны билет захиалаад Химэжи хүртэл галт тэргээр явж тэр хавиараа өдрийн хоолоо идээд, Химэжи цайзын ойролцоо очиж тэнд нь байсан амьтны хүрээлэнгээр орлоо. Намайг гайхшруулсан юм нь, цагаан баавгайг тэр  чигт нь зуны хар халуунд устай пүүлний хажууд орхижээ. Хүн хүртэл халууцацгааж, яана даа гэж байхад тэр их үс ноостой хойд туйлын амьтан, бас пэнгвинүүд яаж халууцаж байгаа болдоо гэж л бодогдов. Энэ удаад очиж байсан амьтны хүрээлэнгүүдээс ялгаатай нь өмнө харж байгаагүй амьтад илүү олон байв. Цор ганцаараа ганцаардаж байгаа кингаруу, бас нэг орь ганцаараа заанаас авахуулаад л олон амьтан байсан.
 Химэжигээсээ наашаагаа галт тэргээр шууд явж харих төлөвлөгөөтэй байсан, Киото эки хүрэх замд техникийн саатал гарсны улмаас Осака эки дээр бүгд бууцгаав. Хэдэн цагаас буцаад хөдлөх нь тодорхойгүй болохоор нь за тэгвэл дахиад л автобус захиалаад явчихая дөө гэж бодоод билетээ ч авчихлаа, тэр хавиараа оройн хоолоо идээд автобусандаа суулаа л даа. Тэгсэн Нагоя хүртэлх замд түгжрэл ихтэй байгаа болохоор оройтож буух байх шүү л гэнэ. За одоо дүүрч гайгүй байлгүй гэсэн хэдэн ч цагаар хоцров бүү мэд арай гэж нэг юм буугаад шөнө дунд гэртээ харьлаа. Нэг иймэрхүү байдалтайгаар л миний зуны амралт эхэлсэн юм даа..

Окаяма эки

Окаямагийн алдартай хоол баразүши

Кочи дахь 中津渓谷(Накацү кэйкокү) гийн хүрхрээ

Кочи дахь 中津渓谷(Накацү кэйкокү)

Дэлхийн соёлын өв Химэжи цайз

Төгсгөлд нь, Кочигийн зуны том баяр Ёсакой бичлэг ←энд дарж үзнэ үү.

2016.09.15 Bilguun

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Осака хот (05/03/2015)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?