2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

 8сарын 27ны хагас сайны шөнө зорьсон газраа хүрч буудалруугаа хөдөлцгөөв. Дөнгөж буугаад л бүгчим халуун агаар тосож авах нь Японтой бараг адилхан. За одоо бас ч гэж 9сар дөхөөд намар болж байгаа юм чинь дээ гэж бодоод цөөхөн хэдэн хувцас цүнхлээд очсон чинь буруу тооцоолчихожээ. Ерөөсөө л жилд хоёрхон улиралтай юм гэнэ. Бороо их ордог зун, эсвэл бороо ерөөсөө орж өгдөггүй халууны хоёр улирал гэж байгаан. Бид хэд нь бас бороо ордог үеэр нь очсон бололтой. ^^;

 За тэгээд шөнө ирцгээсэн хүмүүс бушуухан ус цасандаа орцгоогоод, унтаж амрав. Тэгсэн буудал маань яг замын хажууд болохоор байнгын дуу чимээтэй ч гэсэн яахав аяндаа унтаж л байгаан. Өглөө нь сэрээд цонхоор харсан чинь хүүеээ энэ чинь одоо юу юм бэ гэмээр их мотоциклнууд! Моточиклны урсгал дунд ганц хоёр машин байна уу гүй юу гэлтэй. Түүнийгээ дагаад ойр хавиараа, гудамжаар гарах бол маск сайн зүүхгүй бол угаартах нь холгүй. Энэ хүртэлхийг уншаад хөөрхий минь хэцүүхэн л байждээ гэж бодогдож магадгүй ч харин ч үгүй шүү! Японд 4дэх жилээ сурч байгаа миний хувьд яг явахаас хэдэн сарын өмнөөс өөртөө хийсэн нэг дүгнэлт юу вэ гэхээр, би арай л Японыхоо амьдралд дасчихсан, "байж л байдаг штээ" гэсэн бодолтой болоод, бага зэрэг Япон дахь амьдралаасаа залхаж байх шиг санагдсан. Тэндээс надад өөр шинэ орчин, шинээр үзэж харж нүд тайлах юм цаанаасаа нэхэгдээд байж л дээ.
 Маргааш өдөр нь бүгдээрээ тэнд барих утасны дугаартай жижигхэн NOKIA тараалгаж аваад, парк орцгоов. Парк явсан хамгийн гол зорилго нь матар хооллох. Очоод, за энэ чинь л жинхэнэ зүүн өмнөд азийн халуун орон гэдэг чинь ийм байдаг байхдаа гэж бодогдлоо. Энд тэндгүй ургасан халуун орны модод, байгаль нь кинон дээр л үзэж хардаг шиг.

 Зорьж очсон паркын маань үүд нь! Гаднаасаа харахад л их том сүрлэг. Дотроо ч тэр маш олон атракшн, тоглоомтой. Манайхны тэр хүүхдийн парк, үндэсний соёл амралтын хүрээлэн энэ тэр хажууд нь зүгээр л газар аваад энд тийм юм ирээдүйд барих гэж байгаамаа гээд орхичихсон уу гэмээр. Бид хэд тоглохоосоо илүүгээр хаана юу байдгийг нь голдуу сонирхож, амьхандаа өнөө матраа хайсаар л явав.

 Замдаа доктор загас буюу хүний үхжсэн, гуужсан арьсыг идэж цэвэрлэдэг загасны пүүлүүд энд тэндгүй болохоор нь сууж үзэцгээв. Гижиг хүрээд эхэндээ орилж чарлацгааж байгаад аяндаа дасдаг л юм билээ. Энэ доктор загасан эмчилгээ цөөн хэдэн оронд л байдаг бололтой. Америк энэ тэрд хориглодог юм гэсэн.

 Парк дотор энд тэндгүй л голдуу Буддын шашины хамааралтай барималууд их юм билээ.

Ер нь энэ Вьетнамд хаа сайгүй бурхан харагдана. Жирийн гуанзанд орсон ч тэр бурханаа залсан байх мөртлөө нэг сонин юм нь газар залчихсан байдаг юм билээ. Монголд чинь хүндтэй хөөдтэй юу л байна бүгдийг нь дээш нь тавь, дээшээ зал гэдэг бол бурханыхаа хөшөөг газар залчаад урд нь идээ тавьж, хүж асаасан улсыг анх удаа л харлаа.

Тэгсэн бас нэг сонин юм нь, харахад л их аймар санагдах энэ тоглоом дээр цор ганц тоглож байгаа нь хоёр лам, ямар ч эмоцгүй зүгээр сууж байгаа нь сонин л санагдсан.

 Тэрний дараа явсаар байгаад нэг юм матраа олж ирлээ. Хичнээн ч олон матар хаанаасаа яаж цуглуулсан юм бүү мэд ёстой л нэрнийхээ дагуу матрын вант улс байгаа юм. Өнөө матарнууд нь бүүр нэг хүмүүс ирж хооллоод сурчихсан, хоолоо идчихсэн бол яваад амарчихна.
  
 Зорьж очсон матраа үзчихээд бусад амьтны хүрээлэн хэсгээр явж цөөн төрлийн яст мэлхий, сармагчингууд дундуур яваад өдрийн хоолондоо оров. Ганц парк ч биш ер нь олон хүн ирж очдог газруудын зоогийн газар нь ерөнхийдөө нэг иймэрдүү загвартай санагдсан.

 Дараа нь хоорондоо хуваагдаж зарим нь галзуу хулгана, бид хэд нь алсыг харагч дээр сууж амьхандаа ойр хавиа, хотыг нэг харчих санаатай. Зуны хар халуунд ялангуяа өдөр алсыг харагч дотор хэцүүхэн байх боловуу гэсэн халуундаа тааруулаад огт шилгүй, зүгээр төмөр сараалжин цонхтой. Харин нилээн удсан болов уу гэмээр хуучин, зэв болсон төмөртэй энэ алсыг харагчинд надтай хамт суусан хоёр Япон маань аюулгүй байдал хангагдаагүй байна гээд суухаасаа эхлээд л үглэж гарав. Ядаж байхад өнөөх нь яст мэлхийнээс ч удаан эргэдэгийг хэлэхүү, манай хоёр хором тутамд бушуухан буух юмсаан, Биби битгий хөдлөөд кабин хэлбэлзүүлээд бай айгаад байхад гэсээр. Миний хувьд хөөрхий манай Монголд юм үзэх гэж ирсэн гаднаас ирэх хотын залуус бас нэг иймэрхүү л байдаг байх даа гэж бодогдсоор. Яваандаа оргилд нь хүрэхээр салхинд хэлбэлзэж эхлээд надад ч бас эвгүй санагдаж, бушуухан буумаар болж эхэллээ. Буусныхаа дараа галзуу хулганад суусан хэдтэйгээ уулзсан чинь, замдаа даруулга бүс нь чөлөөтэй өргөгдөж байсан, бас л их аюултай эд байна гэцгээсээр. Япон залуустай хамд Монголтой төстэйрхүү нэг ийм газар ирснийх, Монголд ирэх Япончууд бас ингэж л хэлдэг байхдаа гэсэн төсөөлөлтэй болох юмдөө.
 Хэсэг амарсныхаа дараа дахиж хоорондоо хуваагдаад, бид хэд нь паркдаа Харри Поттерийн атракшнаар нь орчихоод хар захруу явж үзэхээр үлдлээ. Тэгсэн нөгөө хайрт Харри Поттер маань аймшгийн ертөнц байсан байжээ. Хав харанхуйд хэдүүлээ орилж, айж бие биенээсээ зууралдсаар арай гэж нэг юм дуусгаад гарч ирсэн маш том СЬЮРПРИЗ хүлээж байсан нь энэ.
Ашгүй амьд үлдлээ гэсэншүү юм бодоод гарч ирэх тэр мөчид аадар бороо асгарч байваа хө.

Бороо маань ингэж үерлэж, нөгөө мотоциклтой хүмүүс маань ингээд л үерэн дунд давхиж байгаан. Угтаа бол үер ч гэж манайд их бороо орохоор замын ус зайлуулах хоолой нь олигтой үр нөлөө байдаггүйгээс болоод үерлэдэгтэй яг адилхан. Улаанбаатарчууд шиг зөв төлөвлөгөөтэй ус зайлуулах шугам хэрэгтэй  улс байна лээ. Парк дотроо ч тэр жижкэн үерлэчихээд байгаамаа. Аа нээрээ, мотоцикл унахдаа хэдүүлээ ч бол хэдүүлээ, нохой мууртайгаа хамт явж байдаг гэж хэлээгүй байхаа. Ерөөсөө л гэр бүлд ганц мотоцикл байхад хангалттай! Тэрэн дээр чинь ээж, аав, ах дүү гэр бүлийн 4,5 гишүүн бүгдээрээ сундлалдаад суугаад явчихаж болж байгаан. Ёстой л одоо нээрээ чадаж байгаа юманд арга байдаггүй л байхдаа? Миний ойлгосноор энэ Хо Ши Мин хотод лав хамгийн тохиромжтой унаа нь мотоцикл. Зам түгжрээд болохгүй байвал явган хүний замаар ч мотоциклтойгоо давхичихаж байгаа юмыг яахын!!

 За тэгээд бид хэд нь одоо яалтай билээ, аргаа олоод нэг юм такси олж аваад хар захруугаа явж байтал бороо ч зогсов. Хар зах нь Япончууд их очдог зах байсандаа тэр үү худалдагч нар нь Ирашшаймасээ гээл худалдагч бид хэд хоорондоо хөөрхөөн Японоор ярьж наймаа хийчихэж байгаам чинь. :)) Худалдагч нар хүртэл хөөрхөн өөрсөддөө хэрэгтэй Япон хэлээ цээжилчихэж байнашт. Үнэ нь хэд юм, үнэтэй байнаа, хямдруулахуу гээд бид хэд ч чөлөөтэй Японоор асуухад Японоор хариулж эсвэл тооны машин дээр хямдраад тэд болгоёоо гээд заагаад өгч байгаан.
 Захаар орж үзчихээд, ойрхон цайны газар оройн хоолоо идэнгээ, бас оройн зах эхэлтэл нь цаг нөхцөөж байгаан. Халуун орон болохоороо үнэхээр есөн шидийн ногоо жимсээр баялагийг хэлэх үү, Японд импортлож оруулж ирсэн савтай кокосын ус,сүүний чинь хажууд жинхэнэ оригоороо кокосын усыг зарж байна. Амт хүртэл энийг чинь л кокосын ус гэдэг байхдаа гэмээр. Оройн зах гэдэг нь сая бид нарын орсон зах нь хаагаад, гадна нь шинээр бараагаа ачиж ирж зах босгохыг хэлж байгаан. Бас хоолны газрууд ч нээгдэнэ. Оройн зах сонирхохын хажуугаар бид нарын нууцхан хайж байсан юм нь, өндөгнөөс дэгдээхэй болох яг ид дунд нь чанаж боловсруулсан өндөг хайж олох байлаа. Хамгийн анх сонсоод хүн аймар санагдаж байсан ч бас дахиж тийм боломж олдохгүй ч юмуу гээд хэдүүлээ асууж сураглалаа. Газар газартаа өөр байдаг бололтой замдаа нэг гадаадын идэж байхыг харсан бүр мөч нь бүрэлдээд үс ястайгаа амьтныг чаначихажээ. Бид хэдэд гаргаж өгсөн нь, голдуу өндөг хэвээрээ байх үеийнх мөртлөө нэг л эвгүй эд байсан. Тэгтлээ муухай амттай энэ тэр биш ч гэсэн, яахав ийм юм байдаг шүү гээд амьдралдаа ганц удаа л туршиж үзвэл юу юм гэхээс эд байна лээ. Хүн гэдэг их харгис амьтан байгаан шүү.
 Захаараа ч орлоо их ч юм үзлээ одоо харьж 22:30ынхаа ирц бүртгэлтэндээ ирцээ бүртгүүлэх хэрэгтэй. Бид хэд 15уулаа хоёр долоо хоногийн хугацаагаар дадлага хийхээр ирсэн нь энэ бөгөөд, ажлын өдрүүдэд өглөө 9өөс орой 18 хүртэл баг багаараа хуваагдаж өөрсдийн үүрэг даалгавраа гүйцэтгэнэ. Түүнийхээ дараа  18:15-18:45 хүртэл тухайн өдөр юу хийж юу сурсан талаараа бусад багийнхантайгаа хуваалцах жижигхэн хурал хийнэ. Нийтдээ 6 өөр багт 2,3аараа хуваагдаж, хийж буй даалгавар нь ч өөр болохоор яваандаа бусдыгаа яг юу яриад байгааг нь сайн ойлгохоо больдог юм билээ. Тус тусынх нь даалгавар өдөр ирэх тусам агуулга нь нарийсах нь нарийсч, өөр өөрсдийнхөө даалгавараас өөр юм бодохоо больж эхлэх нь тэр. Ингээд энэ олон оюутнуудыг чинь дураар нь орхиж болохгүй нь ойлгомжтой, 15 хүүхдийн амь насыг хариуцаж яваа болохоор 22:30аас хойш хөл хориотой. 
 Маргаашнаас эхлээд ажлын өдөр, буцаад нэг л сандарсан, ямар үүрэг даалгавар ногдож, юу хийх юм болоо гэсэн догдлол ундарч эхлэв. Ажлын эхний өдөр баг багийг дааж авсан Вьетнам ажилчидтайгаа танилцаж, шууд л өөрсдийнхөө үүрэг даалгавартай танилцаж, юуны түрүүнд компанийн бүтцийн талаар нарийн тайлбар хийлгэсэн эхний өдөр дууслаа. Энэ өдөр 8-р сарын 29 байсан бөгөөд, юу ч санаж бодох юмгүй буудалдаа харьж ирээд байсан надад бусад оюутнууд маань маргааш нь болох төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барьлаа. 
 Вьетнамд ирэхийн өмнө 3 хоног бүгдээрээ Ёкохама хот дахь салбарт урьдчилсан бэлтгэл бас хийсэн юм. Тэр үед хальт өөр хоорондоо төрсөн өдрийнхөө талаар ярилцаад өнгөрсөн нь тэр. Дараагийн өдөр нь бас л ажлаа тарж зочид буудлынхаа ойр хоолонд орох, шууд хаа нэгтээ явж хоолонд орохоороо хуваагдаад буудалдаа ирж ачаагаа тавьчихаад буцаад гарах гэсэн буудлын хүлээн авах нь Билгүүн гэдэг хүн байна уу, төрсөн өдрийн бэлэг бэлдсэн юмсан гээд бас нэг гэнэтийн бэлэг авлаа. Өөрсдөө хийсэн байж магадгүй гэмээр энэ торт үнэхээр амттай байсан шүү!! Тэгээд яаж яваад миний төрсөн өдрийг мэдчихэв гэсэн бид нарын гадаад пасспортыг хурааж авахдаа мэдэж л дээ. Нэг бодлын бас сүрхий шалгаж судалдаг юм шиг...
 Энэ мэтчилэн эхний долоо хоног маань ерөнхийдөө дууслаа. Тэгсэн 9сарын 2ны тав дахь өдөр тэнд Францаас тусгаар тогтнолоо зарласны үндэсний өдөр гээд 3 хоног амардаг юм байж. Хэдий амралтын өдөр ч гэсэн бид хэд үдээс хойш хүртэл зочид буудлынхаа нэг танхимд жижигхэн workshop хийж, орой нь гадуур гарахаар болов. Хамаагүй хол ч явж чадахгүйн дээр, баяр гээд түгжрэл ихтэй арай хийж хот бараадаад, хотын гудамжаар жаал онгорхой банк хайж алхав хха. Баяраар яг банк олдож харагдаач явж явж нэг юм бага хэмжээний иен онгорхой ченжийн зах дээр солиулж аваад, цаашаа голдуу жуулчид, болон Вьетнам залуусаар дүүрсэн гудамжаар явж тэндээ хооллоод буцлаа. Буцах гэсэн буруу газраасаа такси барих гэж оролдсон уу, буудлынхаа хаягийг үзүүлээд хөөгдөж буулгах ч үе байсан. 

 Энэ хотын гудамж Улаанбаатартай төстэй санагдахгүй байна уу? Миний хувьд лав маш дотно, яг л Улаанбаатарт очсон юм шиг санагдаж байсан. Адилхан л энд тэнд шинээр баригдаж буй барилга, адилхан л өнөө дэд бүтэц хөгжиж байгаамаа, бүтээн байгуулалт явагдаж байгаамаа гэсэн аястай. Гэхдээ машин тэрэгний оронд мотоцик л ихтэй, түүнийгээ дагаад утаа ихтэй. Гэхдээ бас Улаанбаатарын хувьд энэ Хо Ши Мин хотоос дутагдах юм олон шиг санагдсан. Хамгийн том ялгаа нь: энд яалтачгүй цаашдаа хурдацтай хөгжих ирээдүй байгаад байна. Жуулчид маш ихээр ирж байгаатай холбогдуулаад энд тэндгүй жуулчдад зориулсан аялалын хөтөлбөртэй жижиг газрууд, гадны маш олон том том салбар дэлгүүр, хоолны газрууд, гадны олон төрлийн компань, үйлдвэрүүдийн салбарууд.. Нэг бодлын АЖИЛЛАХ ЗАЛУУ ХҮЧ ихтэй, юмны ханш доогуур учир бусадтай харьцуулахад бага цалингаар хөдөлгөж чадаж байгаатай холбоотой боловуу. Нөгөөтэйгүүр би лав эдний залуус толгой сайтайн дээр маш сайн хөдөлмөрлөж байна гэж хэлнэ. Дайны хор хөнөөлөөс болж хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүмүүс бас энд байгаа. Тийм хэдий ч өөр өөрсдийн чадах хүрээндээ ажиллаад, харин ч хэнд хөгжлийн бэрхшээлтэй гэмээргүй байгаа олон хүмүүсийг олж харж болно. 
 Бид хэдэд амрах боломжтой хоёр л хоног үлдсэн нь энэ хагас бүтэн сайн байсан бөгөөд хагассайнд нь бөөнөөрөө Япон болон Вьетнам ажилчдын хамт Mekong Delta буюу Хятад, Мянмар, Лаос, Тайланд, Камбоджи, Вьетнамыг дайрч өнгөрөх том голын хэсгээр аялах аялал байв. Хотын төвөөс гараад нэг иймэрхүү харагдах бөгөөд, 

автобусаар явж завин аялалын эхний цэг дээрээ очоод завиндаа суулаа. Нөгөө Mekong гол маань олон улс дамжиж, олон улсын ард түмнийг тэтгэж байгаадаа зутаравуу гэмээр бохирдолтой, дотор нь ер нь юу ч урсан яваа болдоо гэж бодогдмоор. Бас зарим газраа жоохон үнэртэй..
 Ингээд завиндаа суугаад бидний эхний зогсоол маань rice paper буюу будааны цаас хийдэг газар. 


Будааны цаас нь цагаан будааг шахаж шүүсийг нь гаргаад, хулсан тавцан дээр ийм дугуй хэлсэрээр тавьж хатаасан юмыг хэлэх бөгөөд spring roll хийхээс авахуулаад олон зүйлд ашиглагдана. 


 Тэрний дараагийн зогсоол нь, зөгийн бал боловсруулах газар бөгөөд, өөрсдөө зөгийн бал гаргадаг учир бусад хаана ч байхгүй хямд гэх юм билээ. Бас их дажгүй амттай байсан. Зөгийн бал тээрээ ногоон цай хийж ууж байлээ.
 Харин дараа нь морин тэргээр яваад тухайн орон нутгийн үндэсний дуу хуурыг сонирхох байсан юм. Шулуухан хэлэхэд би лав дуулаад байгаа дууг нь ямар ойлгох ч биш, ямар хөгжим тоглож байгаа нь л сонирхол татаж байсан.
 Морин хөсөг гэж нэг иймэрхүү юм бэлдсэн байна лээ. Харин энд мориныхоо нүдэнд нь маск ч гэх юмуу хаалт хийчихсэн байдаг юм байналээ..
  Тэрний дараа бүгдээрээ жижигхэн завинд 3,4өөрөө хуваагдаж завьтай аялал хийв. Энэ чинь одоо ямар гээчийн том өндөр өвс ч юмуу мод ч юмуу гэмээр юм ургачихсан юм бэ гэж бодож байтал тэр дундуур чинь завьтай аялах боломж таарлаа.



 Энэ явцдаа ер нь халуун орон ийм л юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр нь: хаа сайгүй идэж болохоор жимс ногоогоор элбэг юм.


 Халуунаа дагаад бас яалтачгүй бохир газар, бохир зүйл ч байх л юм. Хүмүүсийн амьдрал нь түвшнээрээ хуваагдаад зааглагдцан, яг л тэр түвшин түвшингээрээ амьдарч буй орчин нь өөр юм. Жишээ нь, энэ Mekong Delta гаар аялах замд бол голдуу бас л хүнд амьдралтай, үнэхээр эндээ ганц чаддагаараа завиа сэлүүрдээд юмуу, кокосоо ашиглаад жижиг сажиг юм хийж амьдралаа зогоодог хүмүүстэй таарлаа. Энд бол хөгжлийн бүр хурц гэх юмуудаа бэрхшээлтэй хүмүүс олон харагдсан. Хотоос зайдуу тэрүүхэн тэндээ өөрсдийнхөө чадахаараа л хөдөлмөрлөж байгаан. (энэ зургийг авч болох эсэх, оруулж болох эсэх дээр их эрэлзэж байгаад оруулахаар шийдэв. ямар дорд үзэж, доромжилж байгаа бишдээ гэж бодсоны дүнд орууллаа. яагаад гэхээр тэд нараас суралцах зүйл их байна)
 Mekong Delta-гийн аялал маань дуусахыг дөхүүлээд бороо орох шинжтэй болж эхлэв. Бид хэд ч яг аялалаа дуусгаад хотруугаа буцацгаалаа.

 Дараагийн өдөр нь бас л өглөө эрт гараад, Вьетнамчуудын Америктай дайтах үед хэрэглэж байсан газар доорх туннелийг очиж үзэхээр явлаа. Бид нар азтай байсандаа ч тэрүү бодитоор дайны үед тулалдаж явсан хөгшин бидний хөтөчийг хийх болов. Өмнөх өдөр нь Mekong голоор аялахад хөтөч хийж байсан залуугаас хамаагүй сонирхолтойн дээр, бид хэд хоорондоо харьцуулавал илүү ойлголцож байлаа. Дайнд оролцож явсан цэрэг хүн болохоороо ч тэрүү сиймхий ч үлдээхгүй. За би та нарт 2 минут өгнө гэж хэлээд минут болов уу гүй юу алив хөдлий явья цаг болчлоо гээд л цаашаа хөдлөнө. Тайлбар хийхдээ ч тэр бодитоор тулалдаж байх үедээ болсон сонин хачингаасаа бас хуваалцана. Үдээс хойш нь хотдоо буцаж ирээд дайны дурсгалт музей үзэхээр явлаа.




 Дайны үеэр Америкчууд бөмбөгдөлт, буудлагаас гадна, хорт химийн бодисоор маш олон иргэдийг хөнөөж, хордуулжээ. Тэрний гайгаар одоо ч гэсэн олон тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа аж. Энэ музей дотор нүд хальтрам болсон хүүхэд, нярай үрсийн зураг ч их байлаа. Тухайн үеийн Америкчуудын бодлого нь үр хойчтой нь үгүй хийх байжээ. Үнэхээр зовлон их үзсэн ард түмэн юмдаа. Япон ч гэсэн дайны дараагаас эрчимтэй хөгжсөн гэдэг бол энэ улс ч гэсэн эрчимтэй хөгжих юм боловуу гэж бодогдов. Гол нь заавал зовж байж хөл дээрээ босохдоо биш, ойр хавьд нүдний  өмнө ингэж зүдэрч байгаа улс байнаа гэдгийг сайн харж, жишээ болгож бидэнд ийм гамшиг тулгараагүй нь яамай даа гэх сэтгэлээр манайхан ч гэсэн улам хөдөлмөрч болвол тэ. Энэ дайн чинь өнгөрчихсөн штэ биш, одоо ч гэсэн энэ цаг үед олон л газар дайн тулаан болж, хүмүүс өлсөж, зовж, хордож үхэж байна. Тэр болгоныг холуур өнгөрчих юм шиг, нүдэн балай чихэн дүлий аан ТЭНД ТИЙМ ЮМ БОЛЖЭЭ биш, адилхан ДЭЛХИЙД ийм гай болоод байна шүү гэж боддог хүмүүс олон болоосой. Тэгвэл бас ч гэж дайныг эсэргүүцэх хүмүүс нэмэгдэж, бага ч гэсэн хөдөлгөөн хийж эхлэх ч юм билүү гэж  ч бодоглоо.
  Аа нээрээ санаснаас, өглөө нь туннель явах замдаа нэг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гар урлалын том дэлгүүрт түр завсарлав. Яг жинхэнэ эцсийн байдлаар бий болсон бүтээлүүдээ тусад нь том дэлгүүртээ зардаг бөгөөд, мэргэжлийн түвшинд хийсэн учраас нилээд үнэтэй, бас зураг авахыг хориглодог юм билээ. Бүгдийг өндөгний хальсаар хийсэн гээд бод л доо... :O





 Орой нь буудалдаа хариад маргаашынхаа ажилдаа бэлдэж эрт амарцгаалаа. Бид нарт хоёр долоо хоногийн туршид хамт ажиллах багаас гадна, компанийн фэйсбүүк хуудсан дээр өөрсийн явуулсан сэтгэгдлээ гаргах эрхийн төлөө өрсөлдөх баг бас тусдаа бий. Тэрнээс гадна, хувь хувьдаа бас өөр сэдвээр сэтгэгдлэ бичиж явуулах  ёстой байлаа. Энэ фэйсбүүкийн даалгавар маань Япон болон, Англиар аль алингаар бичих ёстой байсан бөгөөд багаараа явуулах сэтгэгдэлд манай баг шалгарч, Bosch Japan-ий хуудсанд сэтгэгдлээ хэвлүүлэв. :P
 Дараагаар нь хоёр дахь долоо хоногийнхоо сүүлчийн өдөр нийт өөрслийн хийж ирсэн ажлаа танилцуул, түүгээрээ юу сурсан талаараа илтгэл тавьж багаараа 2-рт шалгарсан бөлгөө. Ерөнхийдөө хоёр дахь долоо хоног маань бүгд л завгүй, сүүлрүүгээ ядарснаасаа болж бие нь хямарцгаах нь ч байлаа. Гэхдээ, энэ дадлага маань яг 2 долоо хоног гэсэн хугацаа нь зөв таарсан гэж бодож байна. Яагаад гэхээр, эхний долоо хоногтоо хэн ч жинхэнэ утгаараа өглөөнөөс орой болтол ажиллана гэж яг ямар байдгийг бүрэн мэдэрч амжихгүй байх байсан болов уу. Харин 2 долоо хоногос хэтрээд ирэхээд бүгд хямарч гүйцэхийн дээр, ажилдаа анхаарч чадахгүй, дааж ирсэн Япон ажилчид маань ч дагаж хямраад хэцүүхэн юм болох байсан боловуу.

Mekong Delta аялалын дараа Вьетнам ажилчидтай хамт

Хотын гудамж дагаад энэ мэт зургийн дэлгүүрүүд олноороо харагдана.

Кокосны самраар хийсэн сувенир

Бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд таарах могой болон хилэнцтэй архи. Уувал хорноос нь болоод гэдэс өвдөх магадлалтай, хэрэв аваад хэрэглэе гэвэл өвчтэй яс, арьсан дээрээ түрхэж болно гэж байх шиг байлээ.

Хар зах дээр нэг эмээ ингэж өөрийн хүссэн загвар дизайнаар нь сандаль хийж өгч байна лээ. Бэлэн хийсэн сандальний суурин дээр өөрөө сонгоод элдэв загварын бүс(?) хадуулаад болох нь тэр.

Парк дээр нилээн хэд 8D, 9D, 12D гэсэн юмнууд олж харлаа. Яадын байгаан бүү мэд жоохон хульхины санагдаад холуур л тойроод өглөө :))

Үндэсний амралтын өдөр хүн хөл ихтэй гудамжаар.

Ми гоймон. Вьетнам олон янзын гоймон ихтэй, тэрний нэг төрөл нь. Вьетнам хоол ер нь ногоо ихтэй.

Миний ор. :)) King size шүү!! хха. 5уулаа 2 залгаа өрөөнд, нэг нь ийм том ортойгоор хуваарилагдаж хайч чулуу даавуудаад хожсон юм. Даан ч жоохон богинохон, квадрат ор =))

Хан боргоцой болон, кокосны самар доторх будаатай хуурга. Амт: жирийн л будаатай хуурга байлаа...

Ажлын байрны гадна ажил тараад.

Японы нэртэй их дэлгүүр Такашимаяагийн салбар.

Сүүлчийн өдөр, хаалтын(үдэлтийн) хүлээн авалт.

Бас нэгэн сьюрприз!! Үдэлтийн арга хэмжээнд дөнгөж орсон чинь урдаас төрсөн өдрийн мэнд гээд бичээд тавьчихажээ. Манай Япон ажилчид маань бид хоёрт захиалж өгсөн бололтой. ^^

Нэг нууц газраас авсан зураг :P эндээс зураг авж болохуу гэж гуйж байгаад авав ^^

2016.09.14 Bilguun

Comments

  1. Матрыг юугаар хооллодог юм байна?

    ReplyDelete
    Replies
    1. ямар нэг амьтны элэг, зүрхээр хооллодог юм байна лээ..
      загасчилах гэж байгаа юм шиг ууганд сатуркаар уяад махаа хаяхаар ирж хооллоно

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Осака хот (05/03/2015)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?